March 13, 2007

Хөндий гоймон - В.Астафьев

В.Астаюфьев 1942 оноос дайн дуусан дуустал фронтод жирийн явган цэрэг, жолооч, их буугийн сумангийн тагнуулч, холбоочин, агтчин хийж дайны хүнд бэрхийг биеэр туулж иржээ. Тэр Брянсоийн, Воронежийн, Талын, Украйны нэгдүгээр фронтод тулулдаж явсан.Оросууд түүнийг дайны дууч гэж нэрлэдэг. Түүний туурвисан "Дайны тухай өгүүллэгүүд" номноос танд цэргийн баярыг тохиолдуулан хүргэж байна.

Хөндий гоймон

Дайны замын нэгэн уулзвар дээр, бяцхан хотод, ямар ч билээ бас л нэгэн ээлжит, хуваарилалт-сургалтын, шулуухан хэлэхэд цэргийн хүнд сурталтнуудын байгуулсан, фронтод илгээхээр зэхэж, анги салбараар нь ангилж хувиарлаж буй хүн зон хөл толгойгүй бужигнасан том нэгтгэлд, цэргүүдийн хооллож, өглөө үдийн хоолны аль нь мэдэгдэхгүй үймэлдэж байсан үе билээ. Цэргүүдэд автомашины хөдөлгүүрийн бортогоы дайтай том, их ч юм орохоор тогоо тавьж өгөв, зэгсэн арвин эд юмаа, тэгээд эрээвэр хураавар, түр нэгтгэлийн байлдагч нар бид, эрмэг овлог бодолдоо сэжиг таамаг эргэлдүүлэн, ийм мундаг суулга зүгээр нэг өгөхгүй дээ, үүнд бага юм шолхийтэл аягалахгүй , тэгвэл ёроол нь харагдаад, тогооны хоосон ёнгиноон ар талын хангамжийн ахлбаныханыг ичээчих байлгүй гэж бодож байлаа.

Гэтэл маниас дээгүүр улс маниас илүүг бодолгүй дээ, нөгөө тогоог хоёр хүний дунд олгосон юмсанж, хамт сонгосон хүнээ сонгоно барина ч гэж юу байхав, жагсаалд баруун гар талд чинь хэн байна, түүнтэйгээ хамт дугуйтай гал тогооноос шингэхэн зутангаа аваад, суулгахыхаа сэнжний хоёр талаас тэлж атган, жаахан холдоод, бушуу идэгтүн гэж билээ.

Бүх юм нь сав саарал, настай цэрэг надтай нэг тогооноос хооллох боллоо. Малгай, цэрэг цамц, өмд, шилбэний ороолт нь мэдээж хээрийн, өнгөлөн далдалалтын бор ногоон өнгөтэй байсан биз, гэтэл яагаад ч юм бэ нэг тогооны хамтрагч маань сав саарлаар сэтгэлд хоногшин үлджээ. Тийм юм бас байдаг л юм байна.

Гал тогооноос холдож одохдоо би тогоогоо барьж явсан бөгөөд хамт хооллох нөхөр шингэн зутангаа цэлэлзүүлээд хаашаа ч юм бэ бултчихаж магад, аягүй бол өчнөөн хүлээсэн хоёр хүний ноогдол шөлийг ганцаараа амсраар нь сорчих ч юм билүү гэж айсан бусад хамтрагч нар шиг миний хамтрагч тогооны сэнжнээс барилцсан ч үгүй.

Шөл нь хөндий гоймонтой шөл. Булингартсан шөлтэй тогооны ёроолд юу нь мэдэгдэхгүй нэг юм цайрна.

Дөчин гурван оны тавдугаар сард билээ. Эргэн тойрон цэл ногоороод, модод цэцэглэжээ. Баяр баясгалант багваахай цэцэгс шав шараар бадамлан, хаяа хярхаггүй алтраад, горхины хөвөөнд үхэр мал бэлчиж, хэн нэг нь горхинд дааваа шуувуу угаасан шиг, бас сүйдэлгүй үлдсэн сүм дуганы шилний үлдэгдэл, шаталгүй үлдсэн бөмбөгөр алтан ганжир, загалмай сэлт тэнгэрийн цэв цэнхэр уудамд гялбалзан шижиртэнэ.

Гэтэл бид юунд тэр хаврын сайхан, эртний хотын үзэсгэлэн манатай, Сибирээс ирэх холын замд тоотойхон олдож байсан халуун хоолоо халбагадахаар тэсч ядаж байсан бөгөөд түүнээс хойш шилжин байрлалт, ангилан хувиарлалт, жагсаал нэгдэл, аяны маршийн үеэр хатсан талх, чулуу шиг хатуу, давстай хатаамалыг шүдтэй нь шүдээрээ мэрсэн шиг гол зогоож явсан юм.

Нөгөө саарал хамтрагч маань, шалчгар, өөр шигээ саарал үүргэчнээсээ халбагаа гаргаад ирэнгүүт, би гэдэг хүн сэтгэлээр унаж орхив. Хал үзсэн, овоохон иддэг хүн тийм халбагатай явдаг биз. Хэзээ ч юм бэ дээ ,иш, хутгуур нь төдийгүй хумбагар ёроол нь хүртэл маажинтай цэцгээр эрээлээтэй байсан, хэзээний хөвөө нь элэгдчихсэн, хуучны том модон халбага, бүр хумбагар толгой нь захаасаа хагарч, ямар ч юм бэ хатуу, улаавтар мод нь цухуйжээ. Бодвол хусны үндэс биз. Аягүй бол хавар зорсон халбага даа, модны ширхэгэнд нь хаврын хусны чихэрлэг шүүс хатуу махбодь болон чулуужаа биз.

Гэтэл миний халбага байдаг нэг муу хөнгөн цагаан халбага, цэрэг дайны үймээн сандчаан дунд хаа нэгтээгээс, явдал гүйдэл дундаа олж авсан, бүр фабрик заводын сургуулийн үеийн эд ч билүү юу билээ. Өмнөөс нь өөр хүн байнга бодож сэтгэж, улсаар халамжлуулсан өнөө цагийн хүмүүсийн нэгэн адил миний бие түгшүүрт ирээдүй рүүгээ даанч өнгийж байсангүй, тиймдээ ч дайны бэрх замд нэг ч бус, хоёр ч бус хувиа хүнд алдаж, хоосон хоцорч байсан нь, ерөөс унд хоолыг уур савссан халуунаар нь хүртэж сураагүй. Зэхий бүгээхэн юм идээд сурчихсан байхгүй юу!... Одоо энэ саарал эр тогооны халбаганаас том санагдах байлдааны халбагаараа хутгаад эхэлбэл юун хөргөхтэй манатай, улаан армийн хоёр хүний ноогдол сайхан халуун шөл дороо ходоодонд орох байлгүй. Орох орохдоо бүр хүний ходоодонд шүү!

Бид хоёр эхэллээ.
Шөл ч тийм халуун биш болсон байлаа, би сандчин, нарийн хоншоорт муу халбагаа нааш цааш нь хөдөлгөж хөдөлгөж, нэр харсан чинь миний хамтрагч яарч адгасан юмгүй, том халбаганыхаа идийг үзсэн юмгүй сууж байх юм. Нэг хутгахаараа халбаганыхаа хамаг гүнээр байдгаар нь сайн хутгана, тэгснээ санаангүй ч юм шиг, зовсон ч юм шиг тогоогоо цохиод орхино. Халбагатай юмных нь хагас цалгиад, миний халбагатайн хэрээний, магадгүй минийхээс ч багахан булингарт шингэн хутгадагт нь тунаж үлдэнэ.

Тэгтэл тогоотойд ганцхан хөндий гоймон байлаа. Хоёр хүний дунд ганцхан! Урт, бүдүүн гэгчийн, аягүй бол дайны өмнөх зуурлагых биз, бүр Америкийн, “хоёрдугаар фронтын” ч гоймон байж магадгүй, тогооны нэг бөөрнөөс нөгөө рүү амьд юм шиг холбичин унжралдахыг нь яана, аргагүй шүү дээ, ажил хэрэг шувтрах тийшээ хандаж халбага тогоо ёроолдож, бид хоёр тогоогоо хазайлгаж эхэлсэн юм чинь. Хамтрагч над хазайлгахад нь би хутгана, хамтрагч руугаа хайзайлгав уу яав мань хүн хутгана.

Тэгсээр байтал ганц гоймон л үлдэв бид булингарт шингэнийг халбагаар өөрсөд рүүгээ юүлээд дуусайхуйд, нөгөөх нь өл дарах нь битгий хэл харин бүр ходоод ходоод хонхолзуулж орхив. Ай, тэр муу гоймонг шүүрээд авахсан гэж би яаж байж сууж ядаваа, халбагаар ч бус, үгүй үгүй, аягүй бол халбаганаас холбичиж тогоо руу шолхийтэл ойчоод, турьхан цагаан бие нь салмарч орхино, үгүй шүү, бүр тэсгэлгүй гараараа шүүрч аваад, шалавхан амандаа хийчихмээр санагдсаныг яана!

Хэрэв дайнаас өмнөх амьдрал маань намайг шунал, бачуурлаараа тэвчиж тэсвэрлэхэд сургаагүйсээ бол би аягүй бол тэгэх байсан биз, шүүрч аваад үмхчихэд, намайг ер нь яавал гэж? Яахав, халбагаар дух руу дэлсэнэ биз эсвэл нэг өшиглөөд, “Муу цөөвөр! гэнэ биз. Тийм юм үзсээн! Өшиглүүлж ч байсан, хараалгаж ч байсан, тэрнээс нэгийг үзсэн толгой.

Би эргэж хараад, хязгааргүй бухимдал бачуурлын манан бүрхсэн нүдээрээ эртний бяцхан хотын зах хязгаар, оросын аниргүй намуухан алсын барааг ширтэхүйд нүдэнд минь юу ч үзэгдсэнгүй. Миний нүдэнд харуусал төрөм ганцхан юм, харж хайхрах хүнгүй эс бөгөөд үр шившигтэйгээр хаяж зугатсан дөчин таван мм-ийн их бууны урагдсан гол төмөр шиг бөөр нь хагархай цагаан хөндийн гоймон л үзэгдэнэ.

Тэгтэл чимээгүйхэн тамшаалах дуулдав. Би цочин, эргэж харлаа, намайг өрөвдөн, халбагаараа ганц утгаад дуусгаг хэмээн тогооны ёроолд шөлний хамгийн охиун, хамгийн амттай, хамгийн шүлс асгарам өтгөнийг үлдээгээд, энэ саарал, дүнсгэр хүн, үгүй ээ, тэр хүн биш цөөвөр, эсвэл үзэн ядмаар, араатаан гэмээрр өөр хэн нэгэн зөөлхөн, сайхан амттай гоймонг минь аваад одлоо, нөгөө гоймон нарт ертөнцөд хэзээний үгүй болов гэдэгт би эргэлзсэнгүй. Гоймонтой харьцуулахнаа, өтгөн шөл юусан билээ дээ?!

Гэтэл... Гэтэл гоймон тогоондоо байж л байлаа. Өчүүхэн жаахан, өөрөөс нь арай их шингэн шөлний цайвгар хөөсөх дунд, асуултын тэмдэг лугаа адил тахиралдсан, сайхан болсон гоймон, эрхэмсэг төгөлдөр дүрээрээ над бүр ч дотно, хачин дур булаам харагдаж билээ.
Миний хамтрагч намайг анх удаа нэвт шувт харлаа, гэрэл цацруулсан цийлгэр толиотой нь хамт улаан судалнууд аньсаган дороос нь тодрох түүний ядрангуй харцны чанадаас би инээмсэглэл олж үзсэнгүй, тиймээ, гэхдээ би ямар ч гэмээр юм бэ тийм нэгэн, бүхнийг өршөөж уучлахад бэлхэн, бүхний нэвт шувт ойлгогч, зүдэнгүй билиг төгөлдөр ухааныг харцнаас нь олж үзэв. Шүдээрээ мөлийтөл мэрчихсэн халбагаараа тэр гоймонг чив чимээгүй хоёр хуваалаа, гэхдээ тэнцүүхэн биш шүү, ,нөөцийн хороонд тачирхан өвстэй сөөгөнцөрийн дайнд хүрсэн жулдрай муу шинэ цэрэг би уур хилэн, арчаагүй хүчгүй хоёртоо дотор балартан доргив. Гоймонгийн арай уртыг тэр өөртөө авалгүй яахав, ойлгомжтой.

Гэтэл модон халбага, гоймонгийн хамгийн урт яг тэр хэсгийг миний тал руу бүр ууртай ч гэмээр шадхийтэл түлхэв.

Миний хамтрагч буурал сахал нь сөрвийсөн ам руугаа гоймонгийн цагаан туузыг даанч нэг сонирхсон янзгүй, юу ч болоогүй аятай чулуудчихаад, халбагаа долоож байснаа, үүргэвчиндээ далд хийгээд босч явдал дундаа “Тогоогоо тушаагаарай!” гэж эхний бөгөөд эцсийнхээ үгийг хэлчихээд, хаашаа ч юм яваад өгөнгүүт , түүний саарал нуруунд нь, аль хэзээнээс хусаагүй тас харлах хүзүүн дээр нь, багадаж, үрчийсэн саарал цэрэг малгай нь халхалж үл чадах дугай, саарал өнгөөр тодрох хусчихсан ар дагзанд нь хүртэл бүхнийг ниргэгч жолоогүй үзэн ядалт тодроод ирэх шиг надад санагдаж билээ.

Би чэмээгүйхэн сүүрс алдаад, мушгирсан гоймонг халбагаараа этэж аваад , давс нь ам дарвигнуулах шөлийг тогооны амсраар сорчихоод, улаан армийн байлдагчийн үнэмлэхийг минь суулганыхаа оронд авсан агуулахад тогоогоо тушаахар яарав. Фронтын ангид хувиарлагдан одохоосоо өмнө нэг тогооноос хооллогч саарал хамтрагчаасаа үргэлж айж явсан гэхэд ч хаашаа юм гэхдээ л тааралдчих вий гэхээс яс хавталзаж явсансан.

Тийнхүү хэзээ ч, хаана ч , түүнтэй дахиад тааралдсангүй, яагаад гэвээс хаа сайгүй цэргийн улс үл манан лугаа адил нүүгэлтэж, тэр үүлэн дундаас өнөө цагийн хэлээр нэгж-хүнийг хайж олох гээд үз л дээ.

Гэхдээ та хар л д аа, би, санаандгүй учирч нэг тогооноос хооллосон хамтрачаа мартаагүй, амьдрал надад ухааруулсан, бүхий л хичээл тохиолооос хамгийн энгүүн шударга, хамгийн ууч нигүүлсэнгүй нь ч байж магадгүй , буугаад мордохдоо ойлгуулсан тэр чухал хичээлийг би мартаагүй л байгаа биздээ.

3 Сэтгэгдэл:

Зүүдний тэмдэглэл said...

Сайхан өгүүллэг банйа аа. Их баярлалаа. Ойрд нээрээ олигтой юм уншаагүй явсан юм байна шүү. Би Астафьевийг унших дуртай. Сүүлд шуугиан тарьдаг "Цэрэг"-ээс нь хуучны "Хаан загас" илүү санагддаг: Бас зарим нэгэн өгүүллэг. Тэр "Печальный детектив" бол бас яах вэ, гэхдээ манайхан бол ядахдаа тийм хэмжээний нэг юм биччихдэг болохсон.
Астафьеваас Нэг л хүнлэг, хүчирхэг хатан сэтгэл мэдрэгдээд байдаг юм, түүний бүх бичлэгээс нь... Аргагүй сонгодог доо. Оросууд бол их үнэлдэг юм билээ, харин барууныхан огтхон ч мэдэхгүй бололтойв.
Энэ хэний орчулуга вэ, өөрийнх чинь үү. Мань хүний өөр юмнаас байвал тавиарай, плииз..
Аа, тийм бас зөвшөөрвөл үүнийг мэдээллийн сайт дээр байрлуулж хүмүүст уншуулах юмсан гэж бодогдлоо. Одоо энэ олзоо булаалдаж мэт байгаа цаг үед ёстой л нэг юм бодогдуулмаар өгүүллэг байна шүү. Хүмүүс ч дундаа байгаа ганц гйомонг бүү хэл өөр хүний тогоонд байгааг ч шүүрэхэд бэлэн болчихсон нь их таарах юм даа.

Beck said...

Сайн уу? Энэ өдрийн мэнд. Астафьевийг сонссон болохоос сайн мэдэхгүй юм байна. Энэ өгүүллэг уншаад их таалагдсан болохоор энд тавьсан юмаа.Уучлаарай энэ миний орчуулга бишээ.Би нэг жижиг сонингоос авч байсан юма. Одоо нэрийг нь санахгүй байна. Гэхдээ их дээр үеийн 2002,2003 эд байсан. Чамтай санал нэг байнаа. Энэ цаг үед хүмүүс маань хүн хүнээ бодохгүй улам л шунаг болоод байгаа юм шиг санагдаж байга шүү.Энийг мэдээллийн сайт дээр тавибал хэн нэг нь дургүйцэхгүй байгаа гэж бодож байна.

Зүүдний тэмдэглэл said...

shuurhai hariu ugsund bayarlalaa. neeree hn negen durguitseh baih daa. Orchuulagchiin ner ni baisan bol ug ni zugeer baij dee hu. za amjilt husey

Popular Posts

: